Дарс ба хоол
Дарсыг хоолтойгоо зохицуулж хэрэглэхээс гадна мэргэжлийн тогооч нарын гал тогоонд байнгын хэрэглээ нэг орц болсон байдаг. Учир нь хийж буй хоолоо дарсаар амтлах нь тухайн хоолны амтыг улам нэмэгдүүлж, тансаг сайхан болгодогыг тэд мэднэ.
Дарсыг гол төлөв оройн хоолон дээр хэрэглэх нь элбэг байдаг хэдий ч бүх төрлийн хоолтой зохицуулан хэрэглэж болдог. Дарсыг төрөл бүрийн махтай хоолноос гадна бяслагтай хольж уух нь тааламжтай. Гадаадын орнуудад дарс болон бяслагны үдэшлэг хэмээн тусад нь зохион явуулах нь ч түгээмэл байдаг.
Цагаан дарсыг хоолонд ашиглахдаа боломжтой бол 10-13градусын алкохол агуулсан дарс ашиглавал тохиромжтой. Эдгээр дарс нь хоолыг зөөлөн болгохоос гадна амт цайвар өнгө нэмдэг. Цагаан дарсыг далайн бүтээгдэхүүн орсон хоол хүнс амтлахад ашиглавал гайхалтай зохицдог. Түүнчлэн цагаан сүмстэй хоол хүнсэнд тохиромжтой. Тахианы мах, цэцэгт байцаатай шөлөнд цагаан дарс хийж амтлахад шөлний өнгө цайвар болж, амт нь улам нэмэгдэнэ. Хясааг болгоход цагаан дарс ашиглах нь тохиромжтой. Хуурай цагаан дарсыг тахианы мах болон хонины мах амтлахад ашиглавал зохимжтой. Хөөстэй цагаан дарсыг төрөл бүрийн хоолонд ашиглахад хөөс нь хоолонд шингэн уусдаг. Үдэшлэгнээс үлдсэн оргилуун дарсаараа хоол амтлахад болохгүй зүйлгүй. Бүх төрлийн пастатай хоол хийхэд цагаан дарс нь маш тохиромжтой амтлагч болдог.
Дарс нь сүмс хийхэд гайхалтай зохицох найрлага юм. Улаан дарсны хувьд хэрэв та хоолондоо бага зэрэг чихэрлэг амт оруулахыг хүсэж байгаа бол Портог сонгож болно. Хэрэв хоолондоо зөөлөн амт оруулахыг хүсвэл хатуухан улаан дарс сонгож болно. Дарсыг хоолонд хийхдээ хоолны бэлдэцүүдийн араас хийж 3-4 минут чанах, шарахад дарсны амт хоолонд шингэдэг. Улаан дарс илүү ажиллагаа шаарддаг. Учир нь дарсны өнгө тод байх тусам хоолонд шингэдэг. Дарсныхаа 50-иас илүү хувийг хоолондоо хийх хэрэггүй. Улаан дарсаар шоколадтай бялуу хийхээс гадна винегрет цуу хийхэд ашигладаг. Бүх төрлийн улаан махтай хоолонд амт оруулахад ашиглаж болно.
Мерлот дарс нь зөөлөн бас цайвар улаан өнгөтэй байдаг тул хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Учир нь энэ дарсны зөөлөн өнгө хоолонд уусаж өгдөгөөс гадна жимсний амт нь илүү байдаг. Хоолоо хийхдээ өөрийн дуртай дарсаа сонгох нь бусдын хэрэглэдэг дарсыг сонгохоос илүү тааламжтай. Хоол хийж байх явцдаа дарснаасаа бага зэрэг хундаганд хийгээд шимэнгээ хоолоо хийхэд танд дарсаа мэдрэх боломж олгоно.